This is an example of a HTML caption with a link.
Main » 2010 » 3-р сар » 25 » Ирээдүйн багш нарт өгөх зөвлөмж
6:24 PM
Ирээдүйн багш нарт өгөх зөвлөмж

А- Хичээл эхлэхээс өмнө хийх зүйл

  1. Нэг хэвийн байхаас зайлсхий. Цог золбоотой, хүчтэй байгтун.
  2. Цэвэрхэн хувцасла, хэрэв та эрэгтэй бол өдөр бүр сахлаа авагтун.
  3. Анги хичээлд бэлэн байгаа эсэхийг нягтлан хар.
  4. Хичээлдээ сайн бэлтгэ.
  5. Хичээл заахдаа хэрэглэх зүйлсээ шалгаж үз.
  6. Хичээлийн төлөвлөгөөгөө дахин хяна.
  7. Хийлгэх дасгал тань сурагчдын түвшинд тохирч байгаа эсэхийг шалга.
  8. Түргэн эсвэл удаан ойлгодог сурагчдад нэмэлт дасгал бэлтгэ.
  9. Хичээлтэй холбоотой бусад хичээлийн багш нартай сурагчдын талаар ярилц.

Б- Хичээл эхлэхэд хийх зүйл

  1. Ангидаа сурагчдаасаа түрүүлж ор.
  2. Сурагчид ангид хэрхэн орж байгааг сайн ажигла.
  3. Сурагчдыг байр байранд нь суулга.
  4. Сурагчидтайгаа мэндэл. Бага болон дунд ангийн сурагчидтай "хүүхдүүдээ”, ахлах ангийн сурагчидтай "сурагчдаа” гэж мэндлэх нь зохистой. Хэрэв хэн нэгэнд хандаж байгаа бол нэрийг нь хэлж мэндэл. "Чи”, "Хөөе”, "Над руу хар” зэргээр дуудахаас зайлсхий.
  5. Заах хичээлийнхээ сэдвийг самбарт бич
  6. Ангийн журмыг зөрчигсөд болон хичээлдээ хоцорч ирсэн сурагчдад зохих арга хэмжээг ав.
  7. Гэрийн даалгавар өгсөн бол шалга.

В- Хичээл эхэлсний дараа хийх зүйл

  1. Хичээл эхлэх үедээ богинохон хошин яриа зэрэг сонирхол төрүүлэх зүйлээр сурагчдын анхаарлыг тат.
  2. Сурагчдад хичээлийн агуулга, зорилгыг тайлбарлан, амьдралтай холбож өг.
  3. Хичээлийн гол хэсэг, сэдвийг товчхон тайлбарла.
  4. Өмнөх хичээлээ бататга. Ялангуяа сэдэв тань өмнөх хичээлтэй холбоотой бол заавал дахин сэргээгээд хичээлээ эхэл. Өмнөх хичээлтэй холбоотой ганц хоёр асуулт тавих маягаар эхэлсэн ч болно.
  5. Хичээлд гарах шинэ үгс, ухагдахууныг тайлбарлан, төсөөтэй ба ялгаатай талыг нь ойлгуул.
  6. Ярих үедээ сурагч бүртэй нүдээрээ харилц, таны анхаарлын гадуур хэн ч үлдэх ёсгүй. Мөч тутамд ангийг ажиглан хар. Буруу харалгүй, үргэлж хөдөлгөөнтэй байж бүх сурагчдыг хичээлд оролцуул. Шаардлагагүй бол суух хэрэггүй.
  7. Сэдвээ төлөвлөгөөний дагуу заагтун. Агуулгын доторх уялдаа холбоог сайтар тооцоол. Сэдвээсээ хазайлгүй, цагтаа багтааж сур.
  8. Хичээлийг хамгийн тохиромжтой арга хэрэгслийг ашиглан заа. Анхаарал татахуйц, бодит, сонирхолтой байлгахын тулд хэрэгтэй ном хэвлэл, зураг, график, үзүүлэн, кино зэргийг ашигла.
  9. Хичээл зааж байх үедээ тухайн сэдэв сонирхолтой байгаа эсэх, ойлгосон эсэхийг нь үргэлж ажиглан мэдэр.
  10. Та зааж буй сэдвээ сайн ойлгож, өөрийн болгосон бай. Ном, сурах бичиг дээрх үгээр ярилгүй, өөрийн үгээр тайлбарлан ярь.
  11. Хичээлээ хялбараас эхлээд хүндрүүлэн тайлбарла. Хүнд ухагдахууныг жишээ авч, сурагчдын түвшинд тохируулан заа.
  12. Хичээлийг хурал зөвлөгөөн дээр үг хэлж байгаа мэт биш, харин сонирхол татахуйц байдлаар заа.
  13. Хоолойн өнгө тань ангид тохирсон байх ёстой. Хэт чанга эсвэл хэтэрхий сул ярьж тавгүй, сонсоход бэрх байдал үүсгэж болохгүй. Хичээлийн сэдэвтэй холбоотойгоор дуугаа өндөрсгөж, намсгаж, өргөлт, зай авч ойлгомжтой ярих ёстой. Нэгэн хэвийн өнгөөр ярих нь сонирхол бууруулж, идэвхийг сулруулдаг.
  14. Зааж буй хичээлдээ тохируулан нүүрний хувирал, гарын хөдөлгөөн хийх хэрэгтэй.
  15. Таны хэлж буй үгс ойлгомжтой байх ёстой.
  16. Сурагчдын хөгжлийн түвшин, чадварт тохируулан сэдвээ сонго. Жишээ авахдаа бага, дунд ангийн сурагчид бодитоор, ахлах ангийн сурагчид хийсвэрээр төсөөлдгийг бодолцох хэрэгтэй.
  17. Сэдэвтэйгээ холбоотой түүх, орчин үед болсон явдал зэргийг ашиглан баяжуул. Харин таны мэдээлэл тань хэтэрхий хүнд эсвэл сэдвээс хальсан байж болохгүй.
  18. Хичээлийн явцад самбар дээр завсарлагатай бич. Ингэснээр сонирхол татаж, анхаарлыг нь төвлөрүүлнэ.
  19. Хичээлдээ асуулт-хариулт, мэтгэлцээн зэрэг аргыг хэрэглэ. Хичээл улам идэвхтэй болж, сурагчдын анхаарлыг сарниулахгүй байх болно.
  20. Хичээлийн явцад асуулт асуу. Сурагч өөрөөс нь хэзээ ч хамаагүй асуулт асууж магадгүй гэдгийг мэдэж байвал хичээлээс хоцрохгүйг боддог. Мөн зөвхөн гар өргөсөн сурагчдаас төдийгүй бусдаас нь ч гэсэн асуулт асуугаарай. Ингэвэл дуугүй сурагчид хүртэл хичээлдээ оролцдог болно.
  21. Нэг сэдвээс нөгөө сэдэв рүү орохын өмнө сэдвийг хэр ойлгосныг тохиромжтой асуулт асууж мэд. Хэрэв сайн ойлгосон бол дараагийн сэдэв рүү ор, үгүй бол үргэлжлүүлэн давт.
  22. Сурагчид асуулт тавихад товч тодорхой хариулахад тусал, тэднийг хүндэтгэ. Асуулт асуухад дэмж, хэзээ ч битгий уурлаж бухимд.
  23. Сурагчдын анхаарал сарнисныг анзаарсан үедээ хичээлээ тэр хэвээр нь үргэлжлүүлж болохгүй. Харин сэдэвтэй холбоотой хошигнол, түүх зэргийг ярьж, анхаарлыг нь өөртөө тат.
  24. Тайлбарлаж байх үедээ өгүүлбэрээ давтах хэрэггүй. Хэтэрхий нухацтай эсвэл энгийн байхаас зайлсхий. Хар ярианы үгсийг бүү хэрэглэ.
  25. Хичээлдээ тохирсон хамгийн тохиромжтой арга техникийг ашигла, хэдхэн аргаар үргэлжлүүлэх хэрэггүй.
  26. Хичээл дээрээ хэт хатуу эсвэл зөөлөн байлгүй аль алиныг нь тохируул.
  27. Сурагчидтайгаа сайхан яриа өрнүүл. Сурагч бүр өөрийг нь ойлгодог, нууцаа задалж болох нэгэн гэж таны тухай дотночлон бодож байг.
  28. Хичээл дээр хувийн зүйлсийг ярьж болохгүй. Тухайн хүний нэрийг хэлээгүй ч гэсэн хэний тухай ярьж байгааг нь мэдэхээр шоолж, доромжилж, муулж болохгүй. Ялангуяа сурагчид дараа нь доорд үзэхээр үйлдэл, зан байдал гаргахаас зайлсхий. Алдааг зөвхөн өөртөө хэл.
  29. Ангид сахилгүйтэх байдал бий болвол тэр хэвээр нь орхилгүй, авах ёстой арга хэмжээг ав. Ямар ч ашиггүй, хэн нэгнийг гомдоох маргааныг өрнүүлж болохгүй. Ийм нөхцөлд хувь хүнийг биш, зан байдлыг нь буруутга. Нөгөө талаас сахилга батын дүрмийг тодорхой тайлбарлаж, өөрөө сайтар баримтал. Шийтгэх шаардлагатай үед эргэлзэлгүйгээр сургуулийн захиргаатай хамтран шийд.
  30. Хичээлийн дундуур эрх баригчид, шашин, соёлын бүлгийн хүмүүсийн нэрийг дурдан шүүмжилж эсвэл магтаж болохгүй. Сурган хүмүүжүүлэгч хүн аль ч давхаргын гэр бүлээс гаралтай хүүхдүүдэд адилхан боловсрол олгох үүрэгтэй, нэгтгэгч байх ёстойг бүү март.
  31. Шагнаж урамшуулахдаа хэмжээ хязгаартай бай. Зөвхөн шаардлагатай үед л шийтгэ.
  32. Цагаа сайн ашиглаж, төлөвлөсөн сэдвээ дуусга, дутуу орхиж болохгүй. Гэвч бүгдийг нь заавал багтаана гээд яарч сандарч болохгүй.

Г- Хичээлийн төгсгөлд хийх зүйл

  1. Хичээл дуусах ойртоход сэдвээ дахин товч тайлбарла. Хэр ойлгосныг нь шалгахын тулд янз бүрийн асуулт асуу. Эдгээр асуултын хариулт нь сэдвийг бүрэн ойлгосон эсэх, дутуу ойлгосон бол аль хэсгийг нь ойлгоогүй болохыг харуулж өгдөг.
  2. Сурагчдаас "хэн ойлгосон бэ эсвэл ойлгоогүй вэ” гэж асууж болохгүй. Үүний оронд "дутуу орхисон сэдэв байна уу? Дахиад тайлбарлуулах зүйл байна уу?” гэж асуу. Ингэж асуувал сурагчид ойлгоогүй сэдвээ сэтгэл амар асууж чадна.
  3. Хичээлээ төлөвлөснийхөө дагуу, шаардлагатай хэмжээнд заасан гэдэгтээ итгэлтэй бай. Үгүй бол давтлагын дасгалыг үргэлжлүүл.
  4. Хонх дуугарахаас өмнө гэрийн даалгавар, бэлтгэх зүйлсийг нь өг.
  5. Ангийг эмх цэгцтэй орхиж гарах, цэвэрхэн үлдээх талаар анхаар. Хонх дуугармагц сурагчдыг ангиас чимээгүй гарга.
Category: Зөвлөгөө | Views: 902 | Added by: Төгөлдөр | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]