This is an example of a HTML caption with a link.
Main » 2010 » 3-р сар » 25 » Шилдэг илтгэл цувралаас: Ж.Штиглиц - Нөөц баялагийн тухайд
6:29 PM
Шилдэг илтгэл цувралаас: Ж.Штиглиц - Нөөц баялагийн тухайд
Бодлого хэлэлцүүлэх санаачилга, Олон нийтийн санхүүгийн хяналтын төвийн "Нөөц баялгийн тухайд" сэдэвт семинар дээр ноён Жозеф Е. Штиглицийн тавьсан илтгэл

Баку хот, 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр

Энд нөөц баялагтай байхын сөрөг үр дагавар, түүний эдийн засгийн хор холбогдлын талаар ярьж, дараа нь уг сөрөг үр дагавраас зайлсхийхэд төсвийн ил тод байдал, задлан шинжилгээг сайжруулах ямар ач холбогдолтой байж болох талаар хөндөж ярья гэж бодож байна. Хэвлэл мэдээллийнхэн энэ талаар илүү мэдлэгтэй байх нь тэдний сурвалжлагыг илүү үр нөлөөтэй болгох болов уу.

Нөөц баялгийн сөрөг үр дагавар гэдэг уг нь энгийн мөртлөө ээдрээтэй зүйл юм. Юу гэвэл, эдийн засагт баян буюу нөөц баялаг ихтэй байх нь илүү сайн сайхан байж, түргэн хөгжиж дэвжихийн нэр гэж үздэг байлаа. Гэтэл тийм байх албагүй бөгөөд нөөц баялгаар баян байх нь бас улс орны байдлыг дордуулж болдгийг нотлох баримт олширсоор байна. Дэлхийн хэмжээнд авч үзвэл бусдаас илүү байгалийн нөөц баялагтай орнууд тэр хэрээр өндөр хөгжилд хүрээгүй байна.

Үүнтэй ижил ээдрээтэй асуудал бол тэгш бус байна гэх нэг шалтгаан нь ингэж үзэх шалтаг олгодогт байгаа юм. Их хэмжээний байгалийн нөөц баялагтай бол зүгээр л нөөц баялгаа тэгшхэн хуваагаад авч болно. Энд тэгш бус байдал үүснэ гэж яриад байх шаардлагагүй, бас ашиг орлого алдагдана гэх хэрэгггүй, учир нь тэгэх шалтаг нь чухал биш.

Тиймээс энэхүү хуваарилалтын үр өгөөжийг зүгээр л төлөөс гэж нэрлэдэг байна. Нөөц баялаг ихтэй бүх улс орныг ажаад байхад тэгш бус байдал, ядуурал бага биш, харин ч ёс мэт их байдаг. Тэгэхээр нөөц баялаг зайлшгүй өсөлт хөгжилтөд хүргэж, ядуурлыг бууруулдаггүй ажээ.

Азербайджаны хувьд, хэдийнээс байгалийн нөөц баялаг ихтэй байсан, ирэх 20 жилд улам их нөөц, газрын тосны баялгийг ашиглах төлөвтэй. Энэ нь мэдээж хэрэг сэтгэл зовоосон асуудал юм. Гол бэрхшээл нь энэ нөөц баялаг урьдчилсан тооцоогоор хязгаарлагдмал хугацаанд буюу ердөө 20 орчим жил үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Иймээс хэрвээ энэ мөнгийг зөв зарцуулахгүй бол ирээдүй тун тааламжгүйгээр төсөөлөгдөж байна. Тэр тусмаа сүүлийн арван жилд коммунизмаас зах зээлийн эдийн засагт шилжих явц тун хүнд байсан учраас энэ нь Азарбайджаны хувьд онцгой анхаарах асуудал болоод байна. ДНБ урьд байсан хэмжээнээс буурч, ядуурал мэдэгдэхүйц нэмэгджээ. Энэ бэрхшээлийг давж гарах нэг механизм нь нефтийн баялаг гэж үзэж байгаа хэдий ч энэ бол илүү баялаг, илүү таатай боломжийг авчирдаг ердийн нөхцөл байдал биш юм. Харин ч магадгүй, өнгөрсөн арван жилд тус улсад тулгарсан хүндрэл бэрхшээлийг даван гарах цорын ганц арга зам байж болох юм.

Баялагийн сөрөг үр дагаврыг тайлбарлах нь

Баялаг сөрөг үр дагаварт хүргэх хэд хэдэн хүчин зүйл байдаг.

Төлөөс нэхэх

Нэгдүгээрт, төлөөс нэхэх явдал. Бөөн мөнгө байгаа тохиолдолд хүмүүс түүнээс аль болох ихээхэн хувь хүртэхийг эрмэлзэх болно. Байгалийн баялаг багатай Швейцари мэтийн оронд энэ бол ондоо асуудал. Тэнд хүмүүсийн баян чинээлэг болох ганц арга зам нь баялгийг бүтээх явдал байв. Харин байгалийн баялаг байгаа нөхцөлд баяжих хамгийн хялбар арга бол тэрхүү бялуунаас хүртэх, чингэхийг хичээх явдал юм. Тиймээс илүү том бялуу бүтээе гэхээсээ илүү байгаа бялуугаа хувааж авахыг оролдоход эрч хүчээ зарцуулдаг байна. Энэ үйл явцын дүнд баялаг бүтээгдэхээсээ илүү сүйтгэгдэх нь олонтаа байдаг. Эргэн тойронд болж буй үйл явдлыг ажиглавал энэ зөрчилдөөний мөн чанар нь голдуу энэхүү төлөөс нэхэх явдалтай холбоотой болохыг та бүхэн олж харах болно. Нефтийн нөөцөөр баялаг Венесуэл улсад гэхэд өнөөдөр хүн амынх нь 2/3 нь ядуу хэвээр байна. Венесуэлд болж байгаа улс төрийн асар их зөрчилдөөн нь ердөө л нефтийн мөнгөнөөс хүртэж чадахгүй байгаа гуравны хоёр нь эндээс хувь хүртэж байгаа гуравны нэгээсээ энэ мөнгийг авахыг хүсч байхад, тэр гуравны нэг хэсэг нь бууж өгөхийг хүсэхгүй байгаа явдал юм. Зөрчилдөөний үндэс үүнд байхад түүнийг мөнөөх ардчилал, сонгууль мэтийн асуудлаар далдалж байна. Үнэндээ энэ эмх замбараагүй байдлын цаана нефтийн төлөөсийг дахин хуваарилах асуудал байгаа юм.

Авилгал, хээл хахууль, залилан

Ийм хэмжээний төлөөс бодитой байх нь авилгалыг өдөөдөг талтай. Нефтийн компаниуд (байгалийн бусад нөөцийн хувьд ч адил) ашгийг хамгийн их байлгах гэсэн энгийн нэг зорилготой байдаг, өөрөөр хэлбэл, нефтийг гаргаж авахад зарцуулах мөнгөө хамгийн бага байлгана гэсэн үг. Төлөх ёстой нийт мөнгөнийхөө хэмжээг хамгийн бага болгох шалгарсан арга бол төрийн албан тушаалтныг хахуульдаж, улсад төлөх мөнгөнийхөө хэмжээг багасгах явдал байдаг. Бүхэл бүтэн улсад төлөхийн оронд ганц хүнд төлсөн нь хамаагүй хямд бизээ. Хяналтын үнэхээр чанга механизм байхгүй бол хээл хахууль тун түгээмэл болдог.

Хяналтын хэчнээн сайн механизмтай байлаа ч мөнөөх нефтийн компаниуд төлөх мөнгөө аль болох бага байлгахыг идэвхийлэн хичээх болно. Жишээлбэл, АНУ-д Засгийн газарт төлөх ёстой мөнгөнийхөө хэмжээг багасгахыг хичээсэн олон янзын цогц механизмууд урт удаан хугацааны турш үйлчилсээр ирэв. АНУ-ыг нэлээд өндөр түвшний, боловсронгуй хөгжсөн бүтэцтэй улс гэж үздэг учраас би энд зориуд жишээ болгон авч байна. Гэсэн хэдий ч тэнд хүндрэл бэрхшээл байсаар, зарим маш нарийн арга хэлбэрт шилжсээр байна. Тэдний шалгарсан аргын нэг бол "Газрын тосны нөөц газрыг хувийн компаниудад түрээсээр хурдан олгох бөгөөд түүнийгээ өөр өөр орд газрыг, өөр өөр нөхцлөөр гэрээлэх боломжийг хангалттай олон пүүс компанид олгохын аргагүй тийм богино хугацаанд хэрэгжүүлэх явдал юм.. Нэг орд газрын төлөө зөвхөн ганц хоёр компани өрсөлдөх нь тэдний түрээсэнд төлөх үнэ ихээхэн доошилж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тэд өрсөлдөөнийг ямар нэг аргаар багасгахыг хичээж байна. Иймэрхүү түргэн зуурын худалдаа ялангуяа Рейганы засаг захиргааны үед тун амжилттай хэрэгжиж байв.

Хоёр дахь асуудал бол гэрээний хэрэгжилтийг хангах явдал юм. Гэрээнд заасны дагуу тэд "цэвэр дүн" буюу цэвэр орлогоосоо тооцсон тодорхой хэмжээний мөнгөн төлбөрийг төлөх ёстой. Гэвч нефтийн компаниуд тэрхүү "цэвэр дүн"-гээ багасгах талаар нягтлан бодох, тайлан бүртгэлийн заль гаргаж эхэлдэг. Миний бие Аляск мужийг төлөөлж шүүх хуралд оролцож байсан бөгөөд тэр залилангийн хэрэгтэй холбоотой мөнгөний хэмжээ дор хаяж тэрбум доллар байсныг илрүүлсэн юм. Түүнээс их ч байсан байж болно. Залилсан мөнгийн нэг баррельд ногдох хэмжээ бага байсан ч асар их хэмжээний баррелаар бодоход дүн нь маш их мөнгө болж байв. Саяхны нэг мэдээнээс үзэхэд Алабама мужид ч зарим нефтийн компани үүнтэй ижил хэрэг хийсэн байна. Нэг баррельд ногдох залилсан мөнгөний хэмжээ маш бага байсан учраас, түүнийг олж илрүүлэхэд хэцүү байдаг. Яг юу болоод байгааг олж тогтоохын тулд их хэмжээний судалгаа шинжилгээ хийх шаардлага гардаг. Аляскийн хэргийн тухайд бид Exxon Mobil, BP болон бусад нефтийн компани юу хийж байсныг олж тогтоохын тулд бүхэл бүтэн судалгааны баг ажиллуулсан билээ. Энэ нь уг зорилт хэр хүнд болохыг харуулаад зогсохгүй АНУ-д ийм хүнд байгаа зүйл хөгжиж байгаа ядуу орнуудад аль хэр хүнд тусахыг харуулж байгаа юм.

Зарим талаар ийм төлөв байдал (илүү ашигтай гэрээ хийхийн тулд хахуульдах, нэгэнт гарын үсэг зурсан гэрээнд залилан хийх)-д гайхаад байх зүйлгүй мэт. Юу гэвээс, нефтийн компанийн менежерүүд Засгийн газарт төлөх төлбөрөө аль болох багасгаж, хувьцаа эзэмшигчиддээ ногдох хувийг ихэсгэхийг хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө өөрсдийнхөө хүлээсэн үүрэг гэж үздэг. Тэгэхээр эдгээр асуудлыг сайтар мэдэж, урьдчилан сэргийлж байх нь Засгийн газрын үүрэг хариуцлага мөн.

Зэвсэгт мөргөлдөөн

Олон оронд асар их хэмжээний түрээсийн төлбөр бодитой оршиж байгаа нь өөр өөр бүлэг, хүмүүсийн хооронд хооронд зэвсэгт мөргөлдөөн гарахад хүргэж байна. Мэдээж энэ бол бизнесийн таагүй орчин бий болгох хэт туйлширсан хэлбэр юм.

Байгалийн баялгаас үүдсэн сөрөг үр дагавар нь зэвсэгт мөргөлдөөн, улс төрийн хурцадмал байдалд хүргэхээс гадна бизнесийн таагүй орчныг бий болгох нь олонтаа байдаг.

Нидерланд өвчин

Баялгийн өөр нэг сөрөг үр дагавар нь валютын ханшид нөлөөлөх буюу нийтийн дунд 'Нидерланд өвчин' гэгдэх үзэгдэл юм. Гаднаас нефтийн асар их хэмжээний орлого орж ирэх нь дотоодын валютын ханш чангарахад хүргэдэг бөгөөд ингэх нь нефть болон байгалийн бусад баялгаас өөр бараа бүтээгдэхүүний экспортыг хүндрэлтэй болгож, дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхөд хэцүү болох ба энэ нь улмаар импортыг орлох салбар доройтоход хүргэнэ.

Нефть бүтээгдэхүүний салбар хөгжин цэцэглэж байхад нефтийн бус салбар хохирч байдаг. Энэ нь хөгжиж байгаа орнууд, ялангуяа ажилгүйдлийн өндөр түвшинтэй оронд тулгардаг бэрхшээл юм. Нефтийн салбар нь угаасаа олон тооны ажлын байр бий болгодоггүй учраас ажилгүйдлийн түвшин түүнтэй түүнгүй маш их өндөр байгаа Азарбайджаны хувьд онцгой анхаарах асуудал мөн. Ажилгүйдлийг нэмэгдүүлэх аливаа алхам бүхэн түүний хувьд сүйрэлтэй адил. Нидерланд өвчин анх илэрсэн Нидерланд улсын хувьд тэнд байгалийн хийн ихээхэн нөөцтэй байв. Хэдийгээр эдийн засгийн механизм нь тун сайн ажиллаж байсан боловч үндэсний валютын нь ханш тэгтлээ чангарсан нь экспортын бусад салбар болон импортыг орлох салбаруудын хувьд тун таагүй болж, ажилгүйдлийн бодит түвшин 30 орчим хувьд хүрсэн байна. Сонирхолтой нь үүнийгээ ажилгүйдэл гэж харуулаагүй учраас статистик тоо баримтаас харагдахгүй. Харин Засгийн газар нь ажилгүйдэл гэж харуулахыг хүсээгүйгээс хүн амынхаа 20 орчим хувийг хөдөлмөрийн чадваргүй болгож харуулсан боловч үнэндээ энэ нь бодитой "ажилгүйдэл" байлаа. Хэрэв та бүхэн Нидерландад очиж байсан бол үнэндээ ард түмэн нь туйлын хөдөлмөрч, хичээнгүй болохыг, тахир дутуу, хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийн хүн амд эзлэх хувь нь бусад орныхоос ихгүй болохыг, байгалийн хийн орд нээж илрүүлснээс нь хойш тэднийг олноор нь тахир дутуу, ажиллах чадваргүй болгосон шинэ өвчин тахал тэнд дэлгэрээгүй болохыг олж харна. Үнэндээ тэдэнд ажлын байр байгаагүй бөгөөд ажилгүй байхад тэд ажилтай байснаасаа илүү нуруугаар нь хатгаж, тархи толгой нь өвдөж, сэтгэл санааны элдэв дарамтад байжээ.

Валютын ханшны хэлбэлзэл

Нефтээс их хамааралтай байх нь өөр нэг шалтгаанаар хүндрэл бэрхшээл үүсгэдэг. Энэ нь нефтийн үнэ маш их хэлбэлзэлтэй байдгаас макро эдийн засгийн удирдлагад хүндрэл учирдаг явдал юм. Сайн жил ч байна, бас муухан жил ч байна гэсэн үг. Эдийн засагт ийм маягийн хэлбэлзлийг удирдахад маш хэцүү байдаг, ялангуяа энэ мэтийн эрсдэлийг даах механизм байдаггүй хөгжиж байгаа орнуудын хувьд бүр хүндээр тусдаг. Иймээс энэ эрсдлийг удирдах эдийн засгийн бодлогыг боловсруулах аргаа мэдэж байх нь Засгийн газрын онц чухал үүрэг юм.

Сул холбоос

Нефтийн нөөц баялагтай байх нь тэр бүр өсөлт хөгжилд хүргэдэггүйн бас нэг шалтгаан бол нефтийн салбар эдийн засгийн бусад салбартай сул холбоотой байдагт оршино. Өөрөөр хэлбэл, нефтийн салбар өөрөө хөгжихдөө бусад салбарын хөгжилд сайнаар нөлөөлж, тэднийг хамт хөгжүүлдэг тийм салбар биш гэсэн үг юм. Автомашины салбарыг авч үзвэл, энэ салбарын хөгжил сэлбэг хэрэгсэл, суудал, будаг зэрэг автомашин үйлдвэрлэхтэй холбоотой олон зүйлийн эрэлт хэрэгцээг тэр дор нь бий болгодог. Автомашины салбар хүчтэй хөгжиснөөр эдийн засгийн бусад салбартай холбогдож, хөгжлийн суурь, хүрээг өргөтгөхийн зэрэгцээ бусад олон төрлийн мэргэжил, ур чадвар хөгжинө гэсэн үг. Нефтийн салбарын бэрхшээлтэй тал нь энэ салбар эдийн засгийн бусад салбараас маш их тусгаарлагдмал төдийгүй мэргэжлийн инженер, тоног төхөөрөмжийг гадаадаас оруулж ирэхийг шаарддаг байна. Энэ салбар эдийн засгийн бусад салбараас ийнхүү тусдаа хөгжиж, харьцангуй сул холбоо бүхий "давхар” эдийн засаг гэгчийг үүсгэдэг байна. Энэ салбараас эдийн засагт шууд орох үр ашиг нь уг салбарын бусад салбараас ангид байж бий болгосон мөнгө юм.

ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЙН ЗАРЧМУУД

Нефтээс асар их орлого олохоор болж байгаа болохоор Азербайджаны Засгийн газар хөгжлийн төлөвлөлтийн ажилтай хүссэн хүсээгүй зууралдах болно. Нэг үе эдийн засагчид хөгжлийн төлөвлөлтөд гүйцэтгэх Засгийн газрын үүрэг ролийг аль болох багасгах ёстой гэж үздэг байлаа. Өөрөөр хэлбэл, зах зээл өөрөө бүхнийг зохицуулна гэсэн үг. Гэвч Азарбайджан болон нефтийн баялаг нөөцтэй бусад орны хувьд Засгийн газар нь их хэмжээний мөнгөн дээр сууж байгаа учраас ингэж орхих нь зөв сонголт биш, харин ч Засгийн газар нь энэ мөнгийг хааш нь, юунд, яаж, хэр хурдан зарцуулах вэ гэдгийг шийдвэрлэх шаардлагатай болно. Ингэхээр тэд хөгжлийн ямар стратегитай байх вэ гэдгээ бодож боловсруулах хэрэгтэй болж байна.

Ажил эрхлэлтийн шаардлага

Азарбайджаны хувьд ажлын байр шинээр бий болгох нь хөгжлийн стратегийн гол бүрэлдэхүүн хэсэг мөн. Ажилгүйдэл өндөр түвшинд байхад ямар ч нийгэм оршин тогтноход хэцүү. Хэдийгээр Засгийн газрууд энэ талаар хүлээсэн үүрэг хариуцлагаа шаардлагатай хэмжээнд авч үздэггүй ч ажилгүйдлийн асуудал бол Засгийн газрын бодлогын төвд байдаг, байх ч ёстой гэж хэлэх байна (АНУ-д 1946 онд Бүх Нийтээр Ажил Эрхлэх Хууль гарч, Засгийн газар ажлын байраар хангах хариуцлага хүлээх болсон). Нидерланд өвчний асуудлаас үүдэлтэйгээр нефтээр баян орнуудын хувьд ажлын байраар бүрэн хангах эдийн засгийн бодлого боловсруулах нь нэн ярвигтай асуудал байдаг.

Хөрөнгө оруулалтын шаардлага

Өөр нэг чухал асуудал бол нефтээс олох орлогыг урт хугацааны өсөлт хөгжилтөд хамгийн зохистой байдлаар ашиглах нөхцлийг хангах явдал юм.

Байгалийн нөөц баялгийг, тухайлбал, нефтийг капитал бүтээгдэхүүн гэж бодож болно, капитал бүтээгдэхүүн ч мөн. Гэхдээ энэ нь газрын хөрсөн дор байгаа капитал бүтээгдэхүүн. Нефтийг борлуулах нь юу гэсэн үг вэ гэвэл уг баялгийг газрын хөрсөн дээр гарган ирж, улмаар улс орноосоо авч байна гэсэн үг. Тэгвэл ингэж газрын хөрсөн дороос авах үйл явцын дүнд улс орон маань илүү баян чинээлэг болж байна уу, эсвэл ядуурч байна уу гэсэн асуулт гарч ирнэ. Үүний хариулт нь эндээс олсон мөнгөөр юу хийж байгаагаас хамаарна. Зүгээр л хэрэглээндээ зарцуулаад байвал ядуурч байгаа хэрэг . Өөрөөр хэлбэл, байсан баялаг алга болжээ гэсэн үг. Хэрэв тэр баялгийг зам, гүүр барих зэргээр капитал болгон хувиргаж байвал, хэрвээ тэрхүү нефтээр сольж авсан капитал бүтээгдэхүүн маань өндөр үр ашиг, хөдөлмөрийн бүтээмжийг бий болгож байвал илүү баян чинээлэг болж болох юм. Энэ бол санхүүгийн хөрөнгийн хуваарилалтын асуудал буюу капиталын нэг хэлбэрийг нөгөөд шилжүүлж байгаа хэрэг, хэрэв энэ явцад илүү үр ашигтай капиталын хэлбэр бий болж байвал баялаг бий болж байна гэсэн үг.

Нефтийн баялаг бол бүх үеийнхэнд хамаарах өв хөрөнгө. Асуудлын гол нь нефтийн баялгийг илүү үр ашигтай, шинэ хэлбэрийн баялаг болгон хувиргах явдал юм. Ингэхийн тулд зарим дагалдах сөрөг нөлөөллөөс сэргийлэх шаардлагатай. Хэрвээ үндэснийхээ валютын ханшийг чангарахад хүргэх замаар хийвэл удалгүй Нидерланд өвчин тусаж, үнэн хэрэгтээ, миний өмнө ярьж байсан шиг улс орноо ядууруулж болох юм. Ажилгүйдлийг улам их болгох нь эргээд баялгийг бүтээх зарим үндэс суурийг үгүй хийх болно.

ГҮЙЦЭТГЭЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХ АРГА ХЭРЭГСЛҮҮД

Энэ талаар эдийн засагчдын урт хугацаанд бодож боловсруулан хөгжүүлсэн зарим арга хэрэгсэл байдгийг товч хөндье. Үүний эхнийх нь нягтлан бодох бүртгэлийн тогтолцоо, хоёр дахь нь хариуцлага хүлээх ёс, гурав дахь нь хяналт, шалгалтын тогтолцоо, дөрөв дэх нь ил тод байдал юм.

Нягтлан бодох бүртгэл

Эдийн засагчид эдийн засгаас ч уйтгартай ганц мэргэжил байдаг нь нягтлан бодох бүртгэл гэж тоглоом тохуу хийдэг. Гэвч үнэн хэрэгтээ нягтлан бодох бүртгэл бол шийдвэр гаргах үндэслэл болох мэдээллээр хангаж өгдөгөөрөө маш чухал зүйл юм. (Мэдээллийг мэдээллийн эдийн засгийн нэг салбар гэж үзэх нь их болжээ). Харамсалтай нь, өнөөгийн бүртгэл тооцооны тогтолцооны ихэнх нь алдаа мадаг ихтэй байгаа нь буруу шийдвэр гаргахад хүргэж байна. Нэг жишээ хэлье. ОУВС болон бусад олон институци ДНБ-ийг үр дүнгийн хэмжүүр гэж үздэг. Гэтэл үнэндээ бол ихэнх тохиолдолд ДНБ-ыг оновчтой хэмжүүр гэж үзэх нь буруу, ялангуяа бидний энд ярьж байгаа зорилгын хувьд ингэх нь буруу. Яагаад вэ гэвэл, аль нэг компани бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад ашигласан машин тоног төхөөрөмж нь элэгдэж эвдрээд, түүнийгээ засч сэлбэхгүй байвал уг компани энэ бизнесээс удахгүй гарна гэсэн үг. Ийм учраас бүртгэл тооцоондоо элэгдэл хорогдол тооцож, түүнийгээ анхаарч байхыг шаарддаг юм. Улс орны хувьд ч мөн адил. Хэрвээ бүтээгдэхүүн гаргаад, түүний үр дүнд байгалийн нөөц баялаг нь устаж дуусаад байвал тэр улс улам ядуурч байна гэсэн үг болно. ДНБ-ний үзүүлэлт байгалийн нөөц баялгийн ашиглалтыг илэрхийлдэггүй учраас байгалийн баялгийн ашиглалт орлогын гол эх үүсвэр нь болдог улс орнуудын хувьд ДНБ эдийн засгийн гүйцэтгэлийн нарийн дүр төрхийг гаргаж чадахгүй. Энэ тохиолдолд илүү сайн хэмжүүр бол ДНБ биш, үндэсний цэвэр бүтээгдэхүүн байдаг. Үүнтэй төстэй нэг жишээ хэлэхэд 90-ээд оны эхээр Латин Америкийн зарим орон голдуу хэрэглээндээ зориулж асар их зээл авсан байдаг. Тэдний хэрэглээ нэмэгдэж, ДНБ нь өсөж, хүн бүр гайхалтай хөгжлийг нь шагшиж байсан. Гэвч үнэндээ тэд тийм гайхалтай хөгжиж байсангүй. ДНБ нь өсөж байсан ч өр нь улам нэмэгдэж, тэд улам ядуурч байв. Ингээд хожим хэдхэн жилийн дараа тэдний эдийн засаг сүйрэлд ороход энэ бүхэн тодорхой болсон юм. Бүртгэлийн тогтолцоо нь үүнийг урьдаас сэргийлэн анхааруулах ёстой байсан ч тэгсэнгүй. Тиймээс сэтгүүлч, сурвалжлагчдын хувьд зөв нягтлан бодох бүртгэлийн зохистой тогтолцоо хэрэглэж байна уу, зөв тогтолцоо гэж юу вэ, тоон үзүүлэлтүүд үнэхээр юу болоод байгааг хэлж өгч байна уу гэсэн асуулт тавьж, хариулт авахыг хичээж байх нь чухал болж байна.

Бүх бизнест капиталын данс гэдэг зүйл бий. Энэ нь хөрөнгө, өглөг хоёрыг хянаж байдаг. Харамсалтай нь Засгийн газрууд тийм зүйлийг ашигладаггүй. Гэтэл ингэхгүйгээр яг юу болоод байгаа талаар тодорхой дүр зураг гаргаж бараг чадахгүй. Энэ тохиолдолд хөрөнгө нь газрын хөрсөн дор байгаа нефтийг, өглөг нь авсан зээлийг нь илэрхийлдэг. Зээл авч, зээлээрээ зам бариад байвал илүү баялаг бүтээж болох юм. Харин байнга үрэгдэж, зарцуулагдаж байдаг захиргааны зардал, цалин хөлс тавихын тулд зээл аваад байвал улам ядуу болж байна гэсэн үг. Тиймээс капиталын данс бол баян, ядуу аль нь болохыг мэдэх арга юм. Энэ нь нөөц баялаг ихтэй орны хувьд туйлын чухал. Харамсалтай нь ихэнх санхүү, тайлан бүртгэлийн тогтолцоо үүнийг хангалттай хянаж чаддаггүй. Энэ нь хэт их зарцуулах, хэт бага зарцуулахын аль алинд хүргэж болно.

Хариуцлага хүлээх ёс

Өөр нэг чухал зүйл бол хариуцлага хүлээх ёс юм. Засгийн газрын хөтөлбөрүүд мэдээж тодорхой зардал, тодорхой үр ашигтай байдаг. Засгийн газар төлөвлөсөн хөтөлбөрүүдийнхээ зардал, үр ашгийг урьдчилан тооцож ажиллаж байгаа гэдэгт олон нийт итгэж байдаг. Гэхдээ Засгийн газрын урьдчилсан тооцоо үнэхээр үнэн зөв, сайн хийгдсэн эсэхийг эргэн харж, шалгаж байх нь чухал. Хэрвээ тэр нь буруу байгаад, төлөвлөсөн хөтөлбөр нь хүрэх зорилгодоо хүрч чадаагүй бол үүнд Засгийн газрын албан тушаалтнууд хариуцлага хүлээдэг байх ёстой. Жишээлбэл, төлөвлөсөн хөтөлбөрүүд амласан ёсоор өсөлтөд хүргэж, ажил эрхлэлтийн нөхцөл бололцоо бий болгосон эсэхийг шалгах нь чухал. Хэрвээ олон тооны ажлын байр бий болгож, ихээхэн өсөлт бий болгохоор амласан атлаа үнэн хэрэгтээ тэгж чадаагүй бол тэр төсөл нурж, Засгийн газар бүтэлгүйтлээ гэсэн үг.

Хяналт шалгалт

Гурав дахь хэрэгсэл бол хяналт шалгалт юм. Хаана их хэмжээний мөнгө байна тэнд уг мөнгийг буруугаар ашиглах сонирхол, сэдэл өндөр байдаг. Эдийн засагчид хүний мөн чанарын талаар итгэл муутайхан үзэл бодолтой байдаг. Тэд хүн бүрт өөрийн гэсэн үнэ байдаг гэж үздэг. Нефтээр баян оронд бол аймшигтай олон хүн тэр үнэд хүрсэн байдаг. Ийм учраас хяналт, шалгалт хэрэгтэй болдог.

Өөр нэг жишээ татъя. АНУ-д хүртэл төсвийн үйл явцыг хянах Засгийн газрын хоёр агентлаг байдаг. Манайд холбооны Засгийн газрын хүрээнд бусад бүх агентлагыг юу хийж байгааг нь шалгадаг төв агентлаг болох Удирдлагын Төсвийн Газар гэж байдаг. Төрийн Сангийн Газар түүний данс бүртгэлийг хөтөлдөг боловч Удирдлагын Төсвийн Газарт ажлаа тайлагнадаг. Үүнээс гадна Конгресст УТГ-ын ажлыг шалгадаг Нягтлан Бодох Бүртгэлийн Ерөнхий Газар, Конгрессийн Төсвийн Газар гэж бас байна. Хамгийн гол нь ийм хараат бус нягтлан бодох бүртгэлтэй байх шаардлагатай бөгөөд хөндлөнгийн хяналт буюу аудиторуудтай байх нь чухал.

Миний бие Азарбайджан улсад тогтворжуулалтын сантай байхыг зөвлөсөн. Мөн гадны аудиторууд буюу мөнгө завшигдаж, хулгайлагдаагүй гэдгийг магадлан шалгах гадны нэр хүнд бүхий хүмүүсийг ашиглахыг зөвлөмөөр байна. Аудиторууд бол тухайн мөнгийг сайн зарцуулж буй эсэхийг шалгах бус, тэр мөнгө зарцуулах ёстой гэсэн зүйлдээ зарцуулагдаж байгаа эсэхийг шалгах зорилготой гэдгийг ойлгож авах нь чухал. Сайн зарцуулна гэдэг бол өөр хэрэг.

Ил тод байдал

Эцэст нь ил тод байдал бол үнэхээр чухал. Нягтлан бодох бүртгэлийн тогтолцоотой болсноор сэтгүүлчид, ТББ-ууд, судалгааны төвүүд юу болоод байгааг харж болох мэт ч бүх орны Засгийн газруудад нууцлах зуршил гэж байдаг. Хэрэв хэн нэгэн садаа болдоггүй бол хүн бүрт амьдрал амар хялбар санагдах биз. Нууц байна гэдэг бол чиний юу хийж байгааг хэн ч мэдэхгүй, тэгэхээр садаа болох явдал хамаагүй бага байна гэсэн үг. Түүнчлэн, хэрвээ чи алдаа гаргавал хэн ч олж мэдэхгүй гэсэн үг. Ийм учраас Засгийн газрууд нууцлалд дуртай байдаг. Гэвч Засгийн газар юу хийж байгааг иргэд мэдэх эрхтэй байх нь ардчилсан засаглалын үндсэн шалгуур байх ёстой. Энэ зарчмыг хууль тогтоомжид Мэдээллийн эрх чөлөөний хууль шиг тусгаж өгөх нь зүйтэй. АНУ-ын сэтгүүлчдийн хувьд энэ нь Засгийн газар юу хийгээд байгааг олж мэдэх хамгийн чухал хэрэгсэл байдаг. Маш цөөхөн тохиолдлоос бусад нөхцөлд ямар ч америк хүн улсын салбарт болж байгаа аливаа зүйлийг мэдэх эрхтэй. Харин Засгийн газрынхан нууцлах гэсэн зүйлээ чадлаараа чандлан нууцлахыг хичээдэг. Ямар ч хууль дүрэм байсан түүнийг тойрон гарахад шалгарсан нарийн арга олон байдаг. Засгийн газар болж байгаа зүйлийг ил тод бус болгосноор хууль дүрмийг хэрхэн тойрч гарахыг оролдож байгааг илрүүлж олох нь сэтгүүлчдийн хувьд маш чухал болж байна. АНУ-аас дахин хоёр жишээ татъя. Бушийн засгийн газраас саяхан гаргасан татварыг бууруулах хэмжээ хүмүүсийг төөрөгдүүлж байна. Жишээлбэл, ирэх 10 жилд татварыг 700 тэрбум ам.доллараар бууруулах санал дэвшүүлжээ. Гэтэл энэ бүхнийг нарийн судалж үзэх юм бол гарах бодит зардал нь илүү их байгаа харагдана. Жишээлбэл, Төсөлд татварыг гурван жилийн хугацаатай хорогдуулаад, дараа нь нэг жил хугацаатайгаар больж дахин хоёр жил хорогдуулахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, төсвийнхөн үнэн хэрэгтээ татварыг хэсэг хугацаанд бууруулж, хэсэг хугацаанд зогсоох замаар хуулийг мөрдлөг болгож, улс төрийн утгаар нь бол хүмүүс ингэж нааш, цааш болгохгүй гэж төсөөлнө. Өөр нэг жишээ хэлэхэд, уг батлагдсан татварын хуулинд зааснаар бид 2010 оноос жил бүр нас барагсдын татварыг маш өндөр буюу 40-60 хувиар төлөх юм байна. (Энэ бол маш эрсдэлтэй бодлого, учир нь уг татвараас зайлсхийхийн тулд 2010 онд хүүхдүүд нь эцэг эхээ хөнөөх сэдэлтэй болно гэсэн үг). Ийм татварын бүтэц бол үнэндээ ямар ч утгагүй зүйл. Харин тэд яагаад ийм санал дэвшүүлээд байна вэ? Тэд энэ татварыг нэг удаа л хүчингүй болгочих юм бол тэр чигтээ хүчингүй болно гэж найдсаных шүү дээ. Гэсэн хэдий ч төсвийн нягтлангууд уг хуулийг байгаагаар нь хүлээн авч, бидэнд зөвхөн ийм л зардал гарах юм байна гэж хэлэх бөгөөд түүнийг дахин хүчин төгөлдөр болговол яах нь тэдэнд хамаагүй.

Зарим тохиолдолд Засгийн газрууд юу болоод байгааг зориуд бүрхэгдүүлдэг тухай нэг жишээ авч үзье. Засгийн газар эргэж төлөгдөхгүй, магадгүй санаатайгаар эргэн төлөхгүй, зээл олгох нь олонтаа байдаг. Ийм "зээл" бол үнэндээ жинхэнэ зээл биш, зарлага байдаг. Урьд нь ийм "зээл"-ийг олгосон үед нь зарлага гэж тооцдоггүй байлаа. Хэрвээ төсөвт зарлага болж тусгах болвол уг алдагдалыг бодитой хүлээн зөвшөөрсөн үед л тусгадаг байлаа. Ямар ч зээлд эргэн төлөгдөхгүй байх эрсдэл байдгийг хүлээн зөвшөөрч, үүнийг нь уг зээл олгогдсон жилийн төсөвт анхаарч тусгах үүднээс АНУ энэхүү төсвийн механизмыг өөрчилсөн юм. Зээл бүрт түүний эргэн төлөгдөх магадлалын үнэлгээ өгдөг болов. Ингээд тухайн зээл олгогдсон жилдээ хэрвээ уг 1 сая долларын зээл эргэн төлөгдөхгүй байх 10 хувийн магадлалтай гэж үзвэл төсөвт 100 мянган долларыг тусгадаг байна.

Түүнчлэн төсвөөс зардал гаргаж авах маш олон механизм байдаг. Төсвийн ангиллын хувьд мөн л адил. Нэг зүйлд гарсан зардал нөгөө газар гарч ирэх, эсвэл хаа сайгүй туссан байхыг харж болно. Боловсрол, эрүүл мэндэд зарцуулсан нийт зардал хэд болохыг мэдэхэд хэцүү гэдгийн учир бол зардал бүр өөр өөр ангилалд давхар багтсан байдагт оршино. Та бүхний мэдэхийг хүсүүштэй зүйл бол засгийн газар хэдий хэмжээний мөнгийг, юунд зарцуулж байгааг хэлж өгөх бүртгэлийн тогтолцоо байдаг байхад засгийн газрын зорилго бол эдгээрийг голцуу нууц байлгах явдал юм. Иймээс тасвийн ил тод тогтолцоотой болгохын төлөө засгийн газартай сайтар ажиллахыг хичээх нь чухал бөгөөд ингэснээр мөнгө хаашаа явж, юунд зарцуулагдаж байгааг бодитойгоор олж харж чаддаг болно.

ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРДАЛ ЯМАР ХЭМЖЭЭНД БАЙДАЛ ЗОХИХ ВЭ?

Одоо та бүхний анхаарлыг Азарбайджанд гол тулгамдсан асуудал болоод байгаа нэг асуудалд хандуулъя. Энэ бол Засгийн газар нефтийн орлогын сангаасаа жил тутам хэдий хэрийг зарцуулах нь зохистой вэ гэдэг асуудал юм. Энэ талаар хэд хэдэн санал дэвшүүлдэг. Тухайлбал, зарим хүн жил бүр олох дундаж орлогын хэмжээгээр зардлын хэмжээг тодорхойлох тухай ярьдаг. Миний бодлоор энэ бол буруу арга.

Миний санал болгох арга бол эхлээд хөгжлийн стратегиа боловсруулж, түүндээ ажил эрхлэлтийг бий болгох стратегийг онцлох явдал юм. Нэгэнт хөгжлийн стратегитай болсны дараа энэ стратегийг хэрэгжүүлэхэд жил тутам хэдий хэмжээний гадаад валют шаардагдах вэ, дотоодоос хэдий хэрийн мөнгө хөрөнгө шаардагдах вэ гэсэн асуулт гарч ирнэ. (Дээр дурдсан шалтгаануудыг үндэслэн, би хөрөнгө оруулалтыг голлон авч үзэж байна). Иймээс, жишээлбэл, Азарбайджаныг амжилттай хөгжүүлэх стратегийн нэг хэсэг болгож бичил зээл олгох, зам тавих, маркетингийн холбоодоор дамжуулан зах зээлийн чадавхийг нэмэгдүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх, үйлчилгээг өргөтгөх зэргээр зэргээр хөдөөгийн хөгжилд гол анхаарлаа хандуулах шаардлагатай. Стратегийн зарим хэсэг нь улс орны хэмжээнд дэд бүтцийг хөгжүүлэхэд илүү өргөн хүрээтэй анхаарах хэрэгтэй. Эдгээр хөгжлийн стратегийн зарим зүйл гадаад валют шаардана, зарим нь нэг их шаардаад байхгүй. Хэрвээ тогтворжуулалтын сан юмуу нефть бүтээгдэхүүний борлуулалтаас олж буй ашгаар гадаад валюттай ямар ч холбогдолгүй зардлыг санхүүжүүлэхэд зарцуулаад байвал танайд Нидерланд өвчний асуудал үүснэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, үндэсний валютын ханшны өсөлтөөс үүдэн дотооддоо ажил эрхлэлт бий болгоход хүндрэлтэй болно. Ер нь, тогтворжилтын сангаасаа хэдий хэрийг зарцуулах вэ гэдэг нь хөгжлийн янз бүрийн үе шатанд юу хийхээс хамаарна. Жишээлбэл, миний бодлоор хөгжлийн стратегийн эхний шатанд эртнээс хийх шаардлагатай нэг зүйл бол хөдөө орон нутгаас бараа таваарыг зах зээлд хүргэхэд хүндрэл бэрхшээл үүсгэж байгаа дэд бүтцийг сайжруулах явдал юм. Гэвч мөнгийг тэр дороо л дэд бүтцэд зарцуулаад, зам бариад эхэлнэ нэж байхгүй, эхлээд замынхаа төсөл, төлөвлөгөөг гаргах хэрэгтэй болно. Төсөл, төлөвлөгөө боловсруулах үе шат нэг жил, түүнээс ч удаан үргэлжилж мэднэ. Ингэхээр төлөвлөгөө бэлэн болоогүй бол эхний жилдээ нэг их хөрөнгө зарцуулаад байхгүй. Нөгөө талаас, зам байгуулах хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа тул бидэнд их хэмжээний цемент, асфальт хэрэг болно гэж ярьж болно. Тэгэхээр асфальт, цемент хийх тоног төхөөрөмж гадаадаас худалдаж авах хэрэгтэй болно, үүнийг энэ жил оруулж ирье гэх мэт. Эдгээр салбарууд нь ажил эрхлэлт бий болгоход төдийгүй дэд бүтцийг хөгжүүлэхэд туслах болно. Үүнээс үзэхэд, бидэнд зарцуулах ёстой зүйлдээ зарцуулах хэдий хэр мөнгө байна вэ гэдгээс ажлаа эхэлж болохгүй, харин хөгжлийн стратегиа хэрэгжүүлэхийн тулд бид юу зарцуулах вэ гэдгээс эхлэх нь зүйтэй. Ийм стратегийн хувьд дор хаяж эхний шатанд байгаа бүх мөнгөө зарцуулах зохисгүй, учир нь төлөвлөгөө боловсруулахад цаг хугацаа хэрэгтэй гэж үзэж байна. Жинхэнэ бодит эрсдэл бол мөнгийг хэт хурдан зарцуулах, ялангуяа гадаад бус дотоод нөөцдөө хэт хурдан зарцуулах нь Нидерланд өвчний асуудал үүсгэхэд хүргэнэ.

Дотоодын татварын орлогыг нефтийн орлогоор орлуулах санал тавьдаг хүмүүс байдаг. Үүнийг би буруу гэж бодож байна. Ийм бодлого бас л Нидерланд өвчин үүсгэх эрсдэлтэй гэж би үздэг. Харин шатласан татвар тогтоох, тансаг хэрэглээний суудлын машин, том байшин, өндөр орлого, эсвэл олигополь, монополийн ашигт татвар ногдуулахыг дээрд үзэх нь бий. Түүнчлэн, дотооддоо зээл авахын зэрэгцээ гадаадад хөрөнгө оруулалт хийсэн мөнгөтэй байх нь ч зүйтэй байж магадгүй. Үүний шалтгаан тодорхой. Хэрвээ тэр мөнгөө гаднаас оруулж ирээд эхлэвэл дотоод валютын ханш чангарахад хүргэнэ. Валютын ханш чангарснаар дотоодын өсөлтөд төдийгүй дотоодын ажил эрхлэлт шинээр бий болгоход хүндрэл учруулах болно. Валютын ханш юмуу ажил эрхлэлтэд санаа зовдоггүйсэн бол зөвхөн хаана хамгийн ашигтайгаар хөрөнгө оруулахад санаа зовохсон. Гэвч нэгэнт олон зорилт өмнөө тавьсан, ялангуяа валютын ханшийг удирдах замаар дотоодын үйлдвэрлэлийг бий болгоно гэсэн зорилтоо ухамсарлаж байгаа бол тогтворжуулалтын сангийн удирдлагыг валютын хашны удирдлагаас салгаж болохгүй. Ийнхүү өргөн хүрээний асуудлыг бодож боловсруулах тутам дотооддоо татвар, зээлийг нэмэгдүүлэх шаардлага гарч болохыг бодолцож, тэгснээр одоо хангалттай байгаа гадаад нөөц дээрээ нэмж ашиглахуйц дотоод нөөцтэй болж болно.

Ирэх 25 жилд асар ихээр олох нефтийн орлогоо зарцуулах стратеги боловсруулах, ойрын жилүүдэд ажлын байр бий болгон, улмаар 25 жилийн дараа нефтийн орлого буурч эхлэх үед улс орноо өнөөдрийнхөөс хол илүү хүчирхэг эдийн засагтай болгох зэрэг нь танай хөгжлийн стратегийн зөвхөн зарим нэг элемент болно.


Category: Гадаад | Views: 868 | Added by: Төгөлдөр | Rating: 5.0/1
Total comments: 1
0  
1 nyamgerel   (2011-03-21 3:53 PM) [Нэмсэн]
bayarllaa dahiad zondoo sonirholtoi iltegel esse nuud tawiarai.

Only registered users can add comments.
[ Registration | Login ]