This is an example of a HTML caption with a link.
Main » 2009 » 10-р сар » 11 » Тэтгэлэг гэж юу вэ?
3:33 PM
Тэтгэлэг гэж юу вэ?
Тэтгэлэг /scholarship/ гэж юу вэScholarship гэдэг нь scholar буюу эрдэмтэн хүн гэдэг үгнээс гаралтай. Тэр ч утгаараа оюуны хөгжил, сурч боловсроход олгодог санхүүгийн дэмжлэг. Харин манайхан тэтгэлэг гэдэг үгээр орлогогүй, ядуу хүнд өгдөг тусламж хэмээн ойлгох хандлага, сэтгэхүй бий.


Тэтгэлэг нь хоёр төрөлтэй. Scholarship нь хичээлдээ сайн, нийгмийн ажилд идэвхтэй оролцдог, бусдад үлгэр дууриал болж, манлайлж чаддаг оюутнуудыг сурахад дэмждэг. Харин Grant гэдэг нь эрдэмтэн, судлаачдад судалгааны ажил хийх, эрдэм шинжилгээний бүтээл туурвих, төсөл хэрэгжүүлэхэд нь олгодог санхүүжилт юм.
Ер нь бакалаврын сургалтад тэтгэлэг олох хэцүү. Учир нь бакалаврын сургалтаар нэлээд ерөнхий мэдлэг олгодог, олон оюутан суралцдаг, 4 жил үргэлжилдэг. Хэдхэн жилийн өмнө хаалттай, ядуу буурай Монгол орны оюутан гэдгээр нь бакалаврын сургалтад тэтгэлэг олгодог байсан бол одоо тийм биш болсон. Харин магистр, докторын түвшинд сурахад тэтгэлэг олдох илүү боломжтой. Учир нь тодорхой судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж, мэргэшиж ирдэг бөгөөд 2 жил суралцдаг.

Тэтгэлэг ямар хэмжээтэй байдаг вэ
Тэтгэлэгийн хэмжээ хэд ч байж болно. Сургалтын төлбөрийг нь бүтэн даах, эсвэл тодорхой хувийг нь оюутан өөрөө, үлдэх хувийг нь сургууль, байгууллага даах хэлбэрүүд бий. Глобал Удирдагч Хөтөлбөрөөс олгодог тэтгэлэг бол АНУ-ын Дикинсоны их сургуульд суралцахаар шалгарсан оюутан сургалтын төлбөрийнхөө 40 орчим хувийг өөрөө төлөх, үлдэх 60 гаруй хувийг хөтөлбөрөөс даалгах нөхцөлтэй. Үнэхээр сайн сурч, хөтөлбөр болон сургуулиас тавьдаг шаардлагуудыг амжилттай биелүүлээд байвал тэтгэлэгээ 5 хүртэлх жилээр сунгах, бүр гурав дахь жилээсээ бүрэн хэмжээний тэтгэлэг ч авах боломжтой юм.
Энэ бол маш ховор боломж. Учир нь АНУ-ын их, дээд сургуулиудад гадаад оюутан сурахад 2 дахин өндөр төлбөр төлдөг. Харин тус хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлдэг Дикинсоны их сургуулийн оршдог North Dakota муж нь гадаад оюутнуудыг татах бодлого барьж буй учир төлбөр нь тус мужийн оюутнуудтай ижил байгаа аж. Ингээд хямд төлбөрийнхөө зөвхөн 40 хувийг өөрөө төлнө гэдэг бол маш ховор боломж юм.

Тэтгэлэгийг хэнд олгодог вэМэдээж хүнд зүгээр мөнгө өгөхгүй учир тэтгэлэг бүр өөрийн нөхцөлтэй. Хамгийн гол нь гадаад хэл. Тус хөтөлбөрийн шугамаар явсан зургаан оюутны том давуу тал бол TOEFL-ийн өндөр оноо буюу дээд тал нь 633, доод тал нь 513 оноо байжээ. Мөн тухайн оюутан сурлага сайтай байх, спортын, урлагийн, эсвэл бусдыг удирдан зохион байгуулах авьяастай, нийгмийн идэвхтэй байх ёстой. Цаашлаад очсон орон нутагтаа сайн дурын ажилд оролцож, бусдад яриа хийж, идэвхтэй амьдрах, суралцах ёстой юм. Тэгэхээр сурлагын дүн, ACT, SAT зэрэг шалгалтуудад авсан оноо, сургуулийнхаа оюутан, сурагчийн зөвлөлийн дарга, гишүүн, сургуулийн спортын багийн тамирчин байсан эсэх нь маш чухал. Бид үүнийг "хэнхэг” гэж буруу ойлгодог. Гэтэл энэ бол гадаадын сургуулиудад тухайн хүний хэр зэрэг нийгэмшсэнийг харуулах гол үзүүлэлт болдог.
Магистрт сурах тэтгэлэг авахад мэдээж ажлын туршлага, мөн тодорхойлолт захидлууд (Letters of Recommendation) чухал. Багш нартайгаа ойр дотно байж, хамтарч төсөл хэрэгжүүлэх зэргээр өөрийгөө таниулж чадсан бол сайн тодорхойлолт бичиж өгдөг. Чухам энд том болон жижиг сургуулийн ялгаа тод харагддаг. Тухайлбал, нэг лекцийн танхимд 300-400 хүн суудаг, 30-40 мянган оюутантай том сургуульд багш нартаа өөрийгөө таниулах, ойр ажиллах, байнга холбоотой байх боломж бага. Харин жижиг сургуульд их. Таньж, мэддэг багш сайн тодорхойлолт бичдэг, харин мэдэхгүй багш ерөнхий, товч тодорхойлдог. Тиймээс бакалаврт жижиг сургуульд сурч, магистрт том сургуульд сурахад зүгээр байдаг.
ГУХ доорх шаардлагуудыг тавьдаг. Үүнд:
1.  Ерөнхий боловсролын сургуулийг B үнэлгээнээс дээш дүнтэй төгссөн
2.  TOEFL-н шалгалтын 525 (цаасаар), 195 (компьютерээр)-аас дээш оноо авсан
3.  Удирдах чадвар болон нийгмийн идэвхитэй эсэхийг тодорхойлсон сургуулийн болон албан газрын тодорхойлолт. /ГУХ-т оролцох оюутнууд сурлагын өндөр амжилт үзүүлсэн байх ёстой/
4.  500-1000 үгтэй эссе. Эзэмших боловсрол болон удирдах чадвар тань таны мэргэжлийн зорилгодоо хүрэхэд ямар үүрэгтэй байх, АНУ-д суралцсанаар Монгол улсынхаа ирээдүйн хөгжилд ямар хувь нэмэр оруулах зорилготой талаар бичсэн
5.  АНУ-д амьдарч, суралцах санхүүгийн баталгаа

Яагаад нийгмийн идэвхи чухал гэжСүүлийн 20 жилд АНУ-д multiculturalism гэх ойлголт бий болсон. Нэгэнт дэлхий ертөнц глобалчлагдаад эхэлчихсэн энэ үед заавал бусдыг өөртэйгөө адилхан болгох, өөрийн соёлд уусгах (assimilation) шаардлагагүй, харин хамтран бие биенийхээ соёлын онцлогоор бахархаж, salad bar буюу тавган дээр байгаа салат шиг олон ургальч үзэл, олон соёлыг дэмжсэн сургалтын систем байгуулья гэсэн уур амьсгал АНУ-ын их дээд сургуулиудад  өрнөсөн. АНУ-ын бизнес Хятадад ч бий, Энэтхэгт ч бий. Тиймээс бүх улсын хүмүүстэй ойлголцож, олон улсын хэмжээнд хамтран ажиллах чадвартай ажилтныг бэлтгэх хэрэгтэй болсон. Үүнийг хийх нэг арга бол их, дээд сургуулиуддаа шинэчлэл хийж, гадаадын оюутнуудыг өөрийн оюутнуудтай хамт сурах, амьдрах бололцоог дэмжсэн. Тийм ч учраас олгодог тэтгэлэгүүддээ өндөр шаардлага тавих болжээ. 
Харин манай боловсролын систем нь "хичээл, хичээл” гэсээр хүүхдүүдийн удирдах, зохион байгуулах, нийгэмдээ идэвхтэй амьдрах зэрэг хувь хүнийх нь чадваруудыг хөгжүүлэхийг орхигдуулсан юм болов уу. ГУХ-т хандаж буй хүүхдүүдээс ч энэ мэдрэгддэг байна. Үнэхээр онц сурдаг хүүхдүүд ирдэг ч ярилцлага хийхэд өөрийгөө илэрхийлэх чадваргүй, өөртөө итгэх итгэл сул, ичимхий байх жишээтэй. Гэтэл Америкийн нэг гол философи бол "One person can make a difference” буюу "Нэг хүн ч нийгмийг өөрчилж чадна” гэж байдаг. Ер нь бусдыг удирдах чадвар нь байгалиас заяасан биш, харин хүнийг нийгэмших, боловсрох, хувь хүн болж төлөвших явцад бүрддэг. Тэгэхээр өндөр боловсролтой атлаа бусдыг удирдаж, нөлөөлж чадахгүй 100 хүн байснаас боловсрол сайн биш ч нийгмийг өөрчилж чадах нэг хүн байсан нь нийгэмд илүү ач тустай гэсэн үзэл юм.

Тэтгэлэгийг хэн хамгийн их олгодог вэ Мэдээж Америк шиг их тэтгэлэг олгодог улс байхгүй. Англи, Австралиас бараг олддоггүй. Учир нь Америкийн сургуулиуд төгсөгчидтэйгээ байнга харилцаа холбоотой байдаг. Аlumni foundation буюу төгсөгчид нь сургууль дээрээ сан, холбоо байгуулж, түүгээрээ дамжуулан сайн дурын тоглолт, буяны, хандивын, хөрөнгө босгох ажлууд хийж, тэтгэлэгийн мөнгө олох үйл ажиллагаа явуулдаг. Харин Англи, Австралийнх тийм биш. Үүнээс гадна төрөл бүрийн ТББ-ууд, сангууд, компани, корпорациуд өөрийн нэрэмжит тэтгэлэг олгож, сургуулиа төгсмөгц өөртөө авч ажиллуулахын тулд чадварлаг, ирээдүйтэй оюутнуудад тэтгэлэг олгох явдал маш их.
Ер нь тэтгэлэг олох боломжууд хязгааргүй их. Гагцхүү интернэтээс уйгагүй хайх хэрэгтэй юм.

Ямар тэтгэлэгүүд монголчуудад хамгийн "ойр” байна вэБидэнд гадаадад сурах тэтгэлэг авах хоёр ойр зам байх шиг. Нэг нь яам, тамгын газарт хамгийн багадаа хоёр жил ажиллаад улсын зардлаар сурах. Гэвч энэ нэлээд урт зам. Нөгөө нь АНУ болон Английн элчин сайдын яамдууд, Засгийн Газар хоорондын байгууллагуудаас зарласан тэтгэлэгүүд. Тухайлбал, Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банк, Японы ЖАЙКА болон ОУВС-тай хамтарсан тэтгэлэг, хуучнаар Соросын сан, АНУ-ын Засгийн Газраас ЭСЯ-аараа дамжуулан жил бүр зарладаг Fulbright, Hubert H.Humphrey тэтгэлэг, Английн засгийн газрын British Chevening тэтгэлэг зэрэг. Эдгээрээс гадна Ротари олон улсын сайн дурын байгууллагаас маш их тэтгэлэг олгодогийг хүмүүс бараг мэддэггүй. Rotary Foundation л гэхэд жил бүр дэлхийн хэмжээнд зөвхөн нэг төрлийнхөөс 900 оюутанд тэтгэлэг олгож байна. Ийм маягийн 4 төрлийн тэтгэлэг бий гээд боддоо. Энэ талаар www.rotary.org сайтнаас маш дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Үүнийг монголчууд бараг мэддэггүй учир Хонг Конгруу ярилцлаганд оролцохоор монголоос ганц хүн очоод, тэтгэлэг авах жишээтэй. Эдгээр нь бүгд маш өрсөлдөөнтэй, биднээс гадна сая сая хятад, сая сая энэтхэгчүүд өрсөлддөг гэдгийг санаж, маш сайн бэлтгэх хэрэгтэй шүү.

Teaching assistantship, research assistantship, internship гэж юу вэTeaching assistantship. Энэ бол томоохон сургуулиудын профессорууд олон хичээлтэй, их ачаалалтай байдаг учир сургуулийнхаа магистрт сурдаг оюутнуудаас сонгож, туслах багшаараа аваад бакалаврын ангийн оюутнуудад хичээл заахдаа туслуулж, үүнийхээ төлөө төлбөрийг нь төлж, дээрээс нь сар бүр тодорхой хэмжээний стипенд хэлбэрийн урамшуулал олгодогийг хэлнэ.
Research assistantship. Ихэнх том сургуулийн эрдэмтэн багш нар төрөл бүрийн судалгаа хийхдээ туслуулах зорилгоор магистрын, докторын түвшний оюутан авч туслуулаад, сургалтын төлбөрийг нь төлж, нэмж урамшуулал олгодог.
Internship. Сурахынхаа зэрэгцээ ямар нэгэн албан байгууллагад дадлага хийнгээ ажиллахыг хэлнэ. Зарим нь мөнгө төлж, зарим нь төлдөггүй ч сургуулиа төгссөн хойно нь ажилд авах зэргээр тохиролцдог.
Эдгээрт хамрагдах гол шаардлага нь судалгаа, шинжилгээ хийх, төрөл бүрийн судалгааны программууд дээр ажиллах чадвар, туршлагатай, бусдад хичээл заах учир хэлний өндөр мэдлэгтэй байхыг шаарддаг.

Цаашид ГУХ-өөс хэдэн хүн тэтгэлэг авах боломжтой вэХоёр сарын өмнө байгуулагдаж, энэ семестрээс нэлээд хоцорч үйл ажиллагаагаа эхэлсэн боловч зургаан хүнийг АНУ-ын Dickinson-ы их сургуульд явуулсан. Харин ирэх семестрээс 30-40 хүн явуулах төлөвлөгөө бий (2005 оны 9-р сарын байдлаар). Глобалчлагдаж буй дэлхий ертөнцөд олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай боловсон хүчнийг бэлтгэж, эргээд тэднийгээ улсынхаа хөгжилд зөв ашиглах замаар л энэ глобалчлалын үр өгөөжөөс хүртэнэ. Тийм ч учраас тус хөтөлбөр ирээдүйтэй, чадварлаг залуучуудад дэлхий дээр буй олон боломжуудаас нээж өгөхийг хүсч байгаа юм. Үүний тулд тэтгэлэг олгож, мөн боловсролын зөвөлгөө өгч байна. Цаашлаад сургалт зохион байгуулах, нийгэмд үйлчлэх, залуучуудад хэрэгтэй ном, сэтгүүл гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Category: Зөвлөгөө | Views: 1196 | Added by: Ариунаа | Rating: 5.0/1
Total comments: 1
0  
1 Kenj1   (2010-04-14 8:07 PM) [Нэмсэн]
ene site.g hadgalchlaa.. bnga orj bnaa ^^
ih heregtei medeelel bna...
SAT.n shalgalt, monbukagashio (japanese scholarship ) shalgalt bas japand herhen tetgelgeer surah talaar oruulj uguul bayrlah bna
amjilt

Only registered users can add comments.
[ Registration | Login ]